Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Гореликийг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзан, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг хүлээн авав.

Дэд сайд Б.Мөнхжин Элчин сайдаар томилогдсон Дмитрий Гореликт баяр хүргээд Монгол Улс уламжлалт, найрсаг харилцаатай Беларусь Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун буйгаа талууд тэмдэглэв.

Элчин сайд Дмитрий Горелик аж үйлдвэр, тээвэр, соёл, спорт, шинжлэх ухаан  зэрэг олон салбарт харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа мэдэгдэв. Мөн тэрээр хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд онцгой анхаарч, хоёр улсын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.