Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНХАУ БАЙГУУЛАГДСАНЫ 72 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ ДЭД САЙД Б.МӨНХЖИН БНХАУ БАЙГУУЛАГДСАНЫ 72 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЦАХИМ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОВ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин тэргүүтэй тус яамны холбогдох албан тушаалтнууд 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-аас зохион байгуулсан БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойд зориулсан цахим арга хэмжээнд оролцов.

Дэд сайд Б.Мөнхжин арга хэмжээнд хэлсэн үгийнхээ эхэнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нийт хамт олонд БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв. Тэрээр дэлхий нийтийг хамарсан “Ковид 19” цар тахлын амаргүй цаг үед хоёр улсын ард түмэн, Засгийн газар мөнхийн хөршийн сэтгэлээр харилцан бие биенээ дэмжин, улс хоорондын харилцаанд жишиг болохуйц байдлаар хамтран ажиллаж буйг тэмдэглээд хоёр улсын бүх салбарын хамтын ажиллагааг бүрэн сэргээхийн төлөө хоёр улсын холбогдох байгууллагууд цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй БНХАУ байгуулагдсаны 72 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин болон холбогдох албан тушаалтнуудад талархал илэрхийлж, өнгөрсөн 72 жил нь Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрсэн он жилүүд байсныг онцолж,  хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид улам гүнзгийрүүлэхийн төлөө монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Цахим арга хэмжээнд Монгол Улсын төр, засгийн байгууллага, улс төрийн намуудын төлөөлөл болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцов.