Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

МОНГОЛ УЛС-ЕВРОПЫН ХОЛБООНЫ ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ТАНИЛЦУУЛГА

Монгол Улс, Европын Холбооны Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс, Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдааныг жил бүр Улаанбаатар, Брюссель хотноо амжилттай зохион байгуулж ирсэн. Хамтын ажиллагааны хамтарсан хорооны 19 дүгээр хуралдааныг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулж, Хамтарсан хорооны 20 дугаар хуралдаан Брюссель хотноо зохион байгуулагдах хуваарьтай байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хуралдаан болон бусад салбар хуралдаануудыг цахим хэлбэрээр 2020 оны 11, 12 дугаар сард зохион байгуулав.

Түншлэл, хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт талууд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа бэхжүүлэх, хүний эрхийг үр дүнтэй хамгаалах чиглэлээр Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хороо, Хүний эрхийн яриа хэлэлцээний механизмыг байгуулж, салбарын асуудлуудыг нарийвчлан хэлэлцэхээр тусгасан.

Энэ хүрээнд Монгол Улс, Европын Холбооны Хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу, тус газрын дэд захирал Г.Өлзийсайхан,  ЕХ-ны талаас Европын Комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын Алс Дорнодын асуудал эрхэлсэн албаны дэд дарга Марко Чирулло нар хамтран даргалав.

Хуралдаанд Сангийн яам, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Оюуны өмчийн газрын төлөөлөл, мөн ЕХ-ноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, ЕХ-ны Европын комиссын Худалдааны асуудал хариуцсан газрын төлөөллүүд мөн цахимаар оролцов.

Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, худалдааны бодлогын талаар харилцан мэдээлэл солилцож, эдийн засгийн хамтын ажиллагаа, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, ЕХ-ноос Монгол Улсад олгож буй импортын тарифын хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+), Бүртгэгдсэн экспортлогчдын систем (REX), Монголын худалдааг дэмжих TRAM төслийн хэрэгжилт зэргийг хэлэлцэв.

Түүнчлэн Монгол Улс, ЕХ-ны Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд  амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ мөн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах болон түүхий эдийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.

Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны мөрөөр дараах ажлууд хийгдэв. Үүнд:

  • Амьтан, ургамлын эрүүл ахуйн асуудлаар

    • Монгол Улс ЕХ руу экспортлох амьтан, ургамлын гаралтай 18 нэр төрлийн 70 бүтээгдэхүүний жагсаалтыг 2020 онд Европын Комисст хүргүүлсэн. Тухайлбал, чацаргана, чацарганын бүтээгдэхүүн, хонины ноосоор хийсэн био бордоо, хушны самар (самрын идээ), гоо сайхны бүтээгдэхүүн, арьс шир, ноос, утас, даавуу, сарлагийн хөөвөр, торомны ноос мөн дайвар мах, нөөшилсөн бүтээгдэхүүн, өлөн гэдэс болон бусад бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд экспортлох, экспортыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

     

    • Монгол Улс-ЕХ хоорондын Амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээний асуудлаар хоёр талын зөвлөлдөх механизм байгуулахаар тохирсны дагуу албан ёсны анхдугаар уулзалтыг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Тус уулзалтаар ЕХ-ны зах зээлд дээрх 70 бүтээгдэхүүнийг экспортлоход тавигдах шаардлага, холбогдох журмын талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах, экспортод тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх юм. Зөвлөлдөх уулзалтыг хагас жил тутам хийх бөгөөд эхний ээлжинд ЕХ-ны зах зээлийн шаардлагын дагуу өлөн гэдэс, зөгийн бал дахь эм, пестицитийн үлдэгдлийг хянах төлөвлөгөөг боловсронгуй болгох, мөн чацаргана, хонины ноосоор хийсэн бордоо зэрэг зарим бүтээгдэхүүний экспортод тавигдах эрүүл ахуйн шаардлагыг тодорхой болгож ажиллахаар тогтов.
  • Газар зүйн заалтын тухай хэлэлцээр байгуулах асуудлаар

    • Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн 27 дугаар хэсэгт “Талууд газар зүйн заалтын тухай хэлэлцээрийг аль болох хурдан байгуулахаар тохиров” гэж заасны дагуу 2019, 2020 оны Худалдаа, хөрөнгө оруулалтын Дэд хорооны хуралдааны үеэр талууд Газар зүйн заалтын тухай хоёр талын хэлэлцээр байгуулах талаар санал солилцсон. Хурлын мөрөөр 2021 оны 3, 4 дүгээр сард хэлэлцээг эхлүүлэх, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр албан бус уулзалтуудыг айлын талтай хийж ажиллав.
    • Газар зүйн заалтын талаарх ойлголт Монгол Улсад шинэ тутам хөгжиж буй, бөгөөд цаашид хэлэлцээг албан ёсоор эхлүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын дотоодын байр суурийг боловсруулах, хэлэлцээг хийх зорилгоор холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан Хууль зүйн сайд, Гадаад харилцааны сайдын хамтарсан тушаалаар Ажлын хэсэг байгуулаад байна.
  • Монголын худалдааг дэмжих ТРАМ төслийн хүрээнд

    • Монгол Экспорт хөтөлбөрт “Монгол Улс болон монголын бизнесийн орчин, бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны улсын иргэд, бизнес эрхлэгчдэд сурталчлах зорилго бүхий жишиг сурталчилгааны төвийг Берлин хотноо байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх” зорилт тавьсан. Энэ хүрээнд ЕХ-ны дэмжлэгтэй хэрэгжиж буй Монголын худалдааг дэмжих ТРАМ төсөл, ГХЯ, МҮХАҮТ, экспортлогч аж ахуйн нэгжүүд хамтран ХБНГУ-ын Берлин хотод үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын Мэдээлэл, худалдааг дэмжих төвийг 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр албан ёсоор нээв.
    • Төвөөр дамжуулж ЕХ-нд гарч буй манай экспорт нэмэгдэх, ЕХ-ны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн ашиг тусыг илүү сайн ашиглах мөн экспортын үйлдвэрлэлийн чиглэлээр ЕХ-ны хөрөнгө оруулагчдыг татахад ач холбогдолтой юм.
    • ТРАМ төсөл мал амьтан, ургамлын орц найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүн, чацарганы тос, торомны ноос/сарлагын хөөвөр мөн сарлагийн арьс ширэн бүтээгдэхүүний экспортын кластерийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд амжилттай хөгжүүлсэн бөгөөд Мэдээлэл, худалдааны төвд эдгээр кластерийн бэлэн бүтээгдэхүүнийг борлуулахаас гадна mongolian-green-labels.eu цахим хуудсаар мөн сурталчилгаа, борлуулалтаа өргөжүүлж байна.
    • Монголын мэдээлэл худалдааг дэмжих төвийн үйл ажиллагааг экспортын барааны худалдаанаас гадна цаашид хөрөнгө оруулалт, аялал жуулчлал мөн соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах чиглэлээр өргөжүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилгоор 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ГХЯ, БОАЖЯ, Соёлын яам, Үндэсний хөгжлийн газар болон Мэдээлэл, худалдааг дэмжих төвийн хооронд хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулав.