Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“ХААН ШИРХЭГТ” НООЛУУРЫГ АВТО ЗАМААР ИТАЛИ УЛСАД ТЭЭВЭРЛЭН ИРЭВ

“ХААН ШИРХЭГТ” НООЛУУРЫГ АВТО ЗАМААР ИТАЛИ УЛСАД ТЭЭВЭРЛЭН ИРЭВ

Монголын ноолуурын “Ханбогд кашмер” компани өөрийн үйлдвэрт угаасан дээд зэргийн чанартай “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий түүхий ноолуурыг Италийн ноос, ноолууран бүтэгдэхүүн үйлдвэрлэдэг томоохон компаниуд болох “Коломбо”, “Фалконери”-ийн захиалгаар олон улс хоорондын ачаа тээврийн  машинаар Италид экспортлож эхэллээ.

Энэ сарын 3-ны өдөр Улаанбаатараас хөдөлсөн 20 тонн угаасан түүхий ноолуур ачсан тээврийн машин 22-ны өдөр Италийн ноос, ноолууран нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн төв болсон Пиемонте мужийн Биелла хотод хүрэлцэн ирэв. Монголоос анх удаа газраар тээвэрлэгдсэн ноолуурыг Италийн ноос, ноолуурын хамгийн том “Ди-Эс-Ви” гаалийн баталгаат агуулахад хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, ноолуур худалдан авагч Коломбо, Фалконери компани болон Ди-Эс-Ви гаалийн баталгаат агуулахын удирдлага тус тус оролцов.

Элчин сайд Ц.Жамбалдорж Биелла хотод ажиллах үеэрээ Италийн ноолуур, ноосон бүтэгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, дэлхийн түүхий ноолуурын 40 орчим хувийг ганцаар үйлдвэрлэгч Монголын угаасан ноолуурын Итали болон Европын Холбооны зах зээлд гаргах хэмжээг цаашид нэмэгдүүлэх, тээвэр ложистикийн асуудлыг хөнгөвчлөх, эрсдэлийн даатгалын зохион байгуулалтыг сайжруулах боломжийн талаар санал солилцов. Энэ оны хэмжээнд “Ханбогд кашмер” компани “Хаан ширхэгт” гэрчилгээ бүхий 400 гаруй тонн түүхий ноолуурыг Италийн дээрх компаниудад төдийгүй Их Британийн ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нэр бүхий компанид газрын тээврээр нийлүүлэх юм.