Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА НАР ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ, ЕВРОПЫН ПАРЛАМЕНТЫН БҮЛГИЙН ДАРГА НАР ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

Монгол Улсын Их Хурал, Европын Парламентын бүлгийн дарга нарын уулзалт 2021 оны 5 дугаар сарын 18-ний өдөр цахимаар зохион байгуулагдав. Уулзалтад манай талаас УИХ-ын Монгол, Европын Парламентын бүлгийн дарга гишүүн Ц.Мөнхцэцэг, Элчин сайд О.Оч, Гадаад харилцааны яамны төлөөлөл оролцож, Европын Холбооны талаас Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Ф.Мартучилло, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Христеа тус ЭСЯ-ны төлөөллийн хамт оролцов.

Уулзалтаар Монгол, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжин хөгжиж буйг талууд сайшаан тэмдэглэж, цаашдын парламент хоорондын хамтын ажиллагааны талаар харилцан мэдээлж, Европын Парламентад Европ-Монголын хороо байгуулах, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан хойшлогдоод байсан Парламент хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах талаар санал солилцов.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон хүрсэн дүнгийн талаар танилцуулж, иргэдээ вакцинжуулах ажил, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, Монгол Улсын “гуравдагч хөрш” ЕХ болон түүний гишүүн орнуудтай харилцах харилцааг өндрөөр үнэлдгээ тэмдэглэж, цаашид парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллана гэдгээ илэрхийлэв. Тэрээр Европын Парламентад Европ-Монголын хамтын ажиллагааны Хороо байгуулж, түүгээрээ дамжуулан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтэд Парламентыг хяналт тавьж, харилцан ашиг сонирхолтой чиглэлүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд Парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг цар тахлын нөхцөл байдал намжсаны дараа энэ ондоо багтаан Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллахаа илэрхийлэв. Гишүүн Ц.Мөнхцэцэг мөн Монгол Улсад хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан тухай мэдэгдэв.

Европын Парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло гишүүн хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чармайлт гарган ажиллахаа илэрхийлж, Парламент хоорондын 14 дүгээр зөвлөлдөх уулзалтыг энэ оны 11 дүгээр сард зохион байгуулах боломжтой тухай ярилцав. Уулзалтын төгсгөлд Элчин сайд Траян Христеа хоёр талын хамтын ажиллагааг сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжин хөгжиж буйг тэмдэглэж, ЕХ-оос ирэх 5 жилд Монгол Улсад хэрэгжүүлэх 2021-2027 Олон жилийн баримжаат хөтөлбөрийн санхүүжилтийг өмнөх хөтөлбөрийн санхүүжилтээс буруулахгүй хэмжээнд батлуулах чиглэлээр, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-тай уялдуулан хоёр тал ажил хэрэгч байдлаар ажиллаж байгааг тэмдэглэв.