Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДипломатМонгол улс, Хятад улсын харилцааны лавлах

Монгол улс, Хятад улсын харилцааны лавлах

Нэг. Улс төрийн харилцаа

 Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол, Хятад нь нийт 4709.6 км урт шугамаар хиллэдэг. Хоёр тал 1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн. Монгол Улс 1991 онд ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулын газраа сэргээн байгуулж, 1996 онд түүний салбарыг Эрээн хотод нээсэн бөгөөд 2007 онд Консулын бие даасан газар болгон ажиллуулах болсон. Мөн 2011 онд Монгол Улсаас БНХАУ-ын ЗЗОБ Хонконгт Ерөнхий консулын газар байгуулсан. 2012 онд БНХАУ-ын Шанхай хотод Консулын төлөөлөл, 2014 онд ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотод Консулын газар тус тус байгуулж үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд татан буулгасан. Харин 2018 онд Шанхай хотод ЕКГ, Манжуурт КГ тус тус байгуулах шийдвэр гаргаад байна.

Харилцааны түвшин

1949-1962 онд хоёр талын харилцаа шинээр төлөвшин хөгжиж, энэ хугацаанд Найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ (1960 он), Хилийн гэрээ (1962 он) зэрэг хоёр орны харилцааны эрх зүйн үндэс суурийг тавьсан олон гэрээ байгуулагдсан. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсан. Энэхүү гэрээ нь хоёр улсын одоогийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлж байна.

2003 оны 6 дугаар сард БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын сайн хөршийн, харилцан итгэсэн, түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т гарын үсэг зурсан.

2011 онд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг тогтоон хөгжүүлэхээр тохиролцсон.

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр тал “Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-ийг байгуулсан.

2014 оны 8 дугаар сард БНХАУ-ын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд нийт 37 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын харилцааны түвшинг Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэх улс төрийн шийдвэрийг зарласан.

Харилцааны суурь зарчим

1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд: “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан болно.

Харилцан хийсэн гол айлчлалууд

Монголын талаас:

  • 1998, 2004, 2010, 2015 онд Ерөнхийлөгч,
  • 1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга
  • 1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013, 2017, 2018 онд Ерөнхий сайд

Хятадын талаас:

  • 1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга
  • 1997, 2013 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга
  • 1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд
  • 2018 онд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И
  • ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Тяньжин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга Ли Хунжун

Хоёр талын хамтын ажиллагааны механизмууд

  • Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комисс
  • Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн Монгол, Хятадын хамтарсан зөвлөл
  • Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээ
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Хилийн усны хамтарсан комисс
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх уулзалт
  • Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын Байнгын зөвлөлдөх уулзалт
  • Монгол, Хятадын Хэвлэл мэдээллийн форум
  • Монгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл

Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа

 Худалдааны хэмжээ

2017 оны байдлаар Монгол Улс, БНХАУ-тай хийсэн худалдаа 6.7 тэрбум ам.долларт хүрч, манай улсын нийт гадаад худалдааны 64 хувийг бүрдүүлсэн. 2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна.

2018 оны эхний 9 сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.37 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 66 орчим хувийг бүрдүүлж байна. Мөн хугацаанд манай нийт экспортын 92.5 хувь, импортын 34.1 хувь Хятад улсад ногдож байна. Эдийн засаг, худалдааны харилцааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулан хөгжүүлж, 2020 он гэхэд худалдааны нийт эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлсэн.

Хөрөнгө оруулалтын хэмжээ, түүний бүтэц

1990-2017 хүртэлх хугацаанд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс 4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсний дотор 70.1 хувь нь геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолт, 22 хувь нь худалдаа, нийтийн хоолны салбар, 2.3 хувь нь барилгын салбарт ногдож байна.

1 2