Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЭХЛЭВ

ХУДАЛДАА, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЭХЛЭВ

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 7 дугаар хуралдаан 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эхлэв. Хорооны хуралдаан  “Өсөн нэмэгдэж буй протекционизм, КОВИД-19 цар тахлын нөлөө ба Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ”“Ковид-19 цар тахлын дараа шууд хөрөнгө оруулалтын урсгалыг хөхиүлэн дэмжих нь” гэсэн үндсэн хоёр сэдвээр болж байна.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 7 дугаар хуралдааны дэд даргаар Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисст суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр сонгогдов. Хуралдаанд оролцсон манай  төлөөлөгч цар тахлын энэ цаг үед худалдааны урсгалыг хумих, дотоодын зах зээлийг хамгаалахаас илүү худалдааг нээх, өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн далайд гарцгүй, алслагдмал байршилтай Монгол Улсын хувьд эдгээр сул талыг давахын тулд худалдааг хөнгөвчлөх, цахим худалдааны орчныг бүрдүүлэх зорилгоор АНДЭЗНК-оос санаачилсан “Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээр”-ийн ач холбогдлыг үнэлэв. Монгол Улс цаасгүй худалдааны ерөнхий хэлэлцээр болон Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 30 хувиар бууруулах боломжтой гэж тооцож байгааг манай төлөөлөгч онцлов.            

АНДЭЗНК нь эдийн засаг, нийгмийн хөгжил, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр, эрчим хүч мөн байгаль орчин, гамшгийн эрсдлийг бууруулах болон статистикийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой Нэгдсэн үндэсний байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн төв юм.