Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР КУБЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Дэлгадо Консепсионыг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Гадаад харилцааны сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонтой нь холбогдуулан Сайд Д.Цогтбаатарт Элчин сайд Р.Делгадо баяр хүргэж, Монгол, Кубын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилгын талаар танилцуулав. Кубын тал Генетикийн инженер, биотехнологийн төвд үйлдвэрлэсэн  элэгний гепатит вирус, чихрийн шижин өвчнийг анагаах эм бэлдмэлийг Монголд нийлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн үлийн цагаан оготно устгах био бүтээгдэхүүнийг Монголд нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.

Сайд Д.Цогтбаатар Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа өргөжин тэлж, хоёр орны хамтын ажиллагаа цагийн шалгуурыг  даван, өрнөж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Куба Улстай 1960 оны 12 дугаар сарын 7-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Куба нь Америк тивийн улс орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон түүхтэй.