Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“СЕРЕБРЯНЫЙ АКБУЗАТ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ОРОЛЦОВ

“СЕРЕБРЯНЫЙ АКБУЗАТ” ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД МОНГОЛ КИНО ОРОЛЦОВ

kino

ОХУ-ын Башкортостан Улсын нийслэл Уфа хотод 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд  үндэсний этно киноны “Серебряный Акбузат” (Мөнгөн морь) олон улсын кино наадам гурав дахь удаагаа болж өндөрлөв.

Дээрх наадамд ОХУ болон гадаад орнуудаас нийт 268 кино оролцуулах санал ирүүлснээс ОХУ, Монгол, Казахстан, Узбекстан, Иран, Афганистан, Бангладеш зэрэг орноос ирүүлсэн есөн баримтат кино, уран сайхны бүрэн хэмжээний найм, богино хэмжээний долоо, нийт 24 киног сонгон шалгаруулж, оролцуулсан байна.

“Серебряный Акбузат” гурав дахь удаагийн кино наадмын “Гран-при” шагналын эзнээр Бангладеш Улсын «История Джалала» киноны режиссер Абу Шахед Эмон шалгарч, энэ удаагийн кино наадмын гол шагналыг хүртлээ.

Энэхүү наадамд анх удаа монгол кино оролцсон бөгөөд “Чононгоо Фильм Продакшн” компани, кино зохиолч Б.Мөнхтуяа, найруулагч Б.Эрдэнэцэцэг нарын бүтээл “Ээж” киногоор оролцож, киноны гол дүрд тоглосон Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрийн шилдэг жүжигчинд олгодог “Шүүгчдийн тусгай шагнал” хүртэв. Шагналыг “Ээж” киноны зохиолч, продюсер Б.Мөнхтуяа кино наадмын шүүгчдийн ахлагч И.Форгачаас гардаж авсан болно.

kino1

kino2

Кино наадмын хаалтын үеэр дурдсан шагналыг гардуудах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны соёлын асуудал хариуцсан зөвлөх Р.Бизьяа оролцож, уран бүтээлчдээ дэмжиж ажилласан юм.

Дээрх кино наадам нь Башкортостан Улсын Засгийн газрын ивээл дор 2014 онд анх болсон  бөгөөд  тус улсын Соёлын яам болон “Башкортастан” киностудээс эрхлэн зохион байгуулдаг арга хэмжээ юм.