Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр“ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НУТАГ ДЭВСГЭР” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ИХ МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ НУТАГ ДЭВСГЭР” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2Сингапурын Ний Анн политехникийн дээд сургуулийн дуу, дүрсний инженерийн багш, гэрэл зурагчин Ким Лаугийн “Их Монголын Эзэнт Гүрний нутаг дэвсгэр” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Сингапурын Орчард номын санд 2016 оны 5 дугаар сарын 7-ны өдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсаа гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Сингапур дахь Элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Элчин сайд Т.Лхагвадорж хүндэт зочноор оролцон үг хэлж, Монгол Улсын агуу түүх, ёс заншил, аж байдлыг олон улсад сурталчилж буй үйлсэд нь талархал илэрхийлж дурсгалын зүйл гардуулав.

4Ким Лау нь 2005 оноос 13 дугаар зууны Их Монголын Эзэнт Гүрний түүхэн сурвалжуудыг сонирхон судлаж эхэлсэн бөгөөд 2013 онд нийт 35,000 км-ийг туулах аян замдаа гарсан байна. Улмаар Монголын Эзэнт Гүрний байлдан дагуулсан Евразийн нутаг дэвсгэр дэх эрт эдүгээг холбосон гайхамшигт түүх соёлын дурсгалт газруудаар аялж, 15 орны ард иргэдийн аж байдал, өнөөгийн дүр төрхийг гэрэл зурагт буулган авчээ.

Нээлтийн ажиллагаанд урилгаар Сингапурт суугаа Панам, Перу Улсын Элчин сайд нар, Монгол Улсын Соёлын элч Дато Энди Вонг нар хүрэлцэн ирсэн бөгөөд хуран цугласан зочид төлөөлөгчид Их Монголын Эзэнт Гүрний агуу түүх төдийгүй Монголын үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин соёлыг биширч, Монгол орноор аялах нэн сонирхол төрснөө илэрхийлж байлаа.

Үзэсгэлэн Орчард номын санд энэ сарын турш гарах бөгөөд гэрэл зурагчин Ким Лау Ням гариг бүрийн 2 цагт аяллын тэмдэглэл, аялсан газруудынхаа түүхэн ач холбогдлын тухай яриа хийх тул иргэд та бүхнийг гэр бүл, найз нөхдийн хамт зочилж, тухлан саатахыг урьж байна.