Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН ХУРАЛД ТУРКИЙН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО

ЕАБХАБ-ЫН ПАРЛАМЕНТЫН АССАМБЛЕЙН ХУРАЛД ТУРКИЙН ҮНДЭСНИЙ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ирфан Незиролу, Гадаад харилцаа, ёслолын газрын дарга Жемаллетин Түней нартай уулзаж, ирэх 9 дүгээр сарын 15-18-нд Улаанбаатар хотноо болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Парламентын Ассамблейн 2015 оны намрын хуралд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмет Иылмазыг урьсан Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгыг гардуулж ярилцав.

Элчин сайд Б.Батхишиг Монгол Улс энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд ЕАБХАБ-ын бодлого, үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буйг тэмдэглэхийн хамт “ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдэвт дээрх хуралд Туркийн талаас өндөр түвшинд төлөөлөл оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Ноён Ирфан Незиролу Монгол, Туркийн парламент хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Улаанбаатар хотноо болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Намрын хуралд Туркийн Үндэсний их хурлын 8 гишүүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцохоор төлөвлөж байгааг хэлэв.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-д гишүүнээр элссэн бөгөөд манай улсад анх удаа болох ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хуралд тус байгууллагын гишүүн 57 орны парламентчид чуулж, олон улсын аюулгүй байдлын асуудлаарх чухал сэдвүүдийг хэлэлцэнэ.