Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, АЛБАН ХААГЧИД 2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ АВЛИГЫН ЭСРЭГ ЧИГЛЭЛЭЭР АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН АРГА ХЭМЖЭЭ, АЛБАН ХААГЧИД 2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

АЛБАН ХААГЧИД 2014 ОНЫ ХУВИЙН АШИГ СОНИРХОЛ, ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГИЙГ ТАЙЛАГНАСАН ТУХАЙ

2015.04.03

Гадаад хэргийн яам (ГХЯ)-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний талаар АТГ-ын даргаас нийт 2, ЗГХЭГ-ын даргаас 1 зөвлөмж бүхий албан бичгийг хүлээн авч, зөвлөмжийн дагуу ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулан, ГХ-ийн сайдаар батлуулан ажиллаж байна. АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, комиссар Б.Баяртөгс, Т.Цолмон нартай ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, эрх бүхий албан тушаалтан (ЭБАТ) нар 2-р сарын 3-ны өдөр уулзалт зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагааны талаар санал солилцож, зөвлөмж авч ажиллав.

ХАСХОМ-ийг жил бүр хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх, шинээр томилогдсон албан хаагчдад холбогдох хууль, тогтоомж, эрх, үүргийг таниулах зорилгоор ГХЯ-ны хэмжээнд жилд нийт 3 удаа (1 сард (өмнөх жилийн ХАСХОМ мэдүүлэхээс өмнө нийт албан хаагчдад), 5 сард (тухайн жилд ДТГ-т томилогдсон албан хаагчдад), 10 сард (тухайн жилд ДТГ-аас буцан ирсэн албан хаагчдыг оролцуулан нийт албан хаагчдад)) АТГ-тай хамтарсан хуулийг таниулах болон ХАСХОМ-ийг мэдүүлэх сургалтыг зохион байгуулахаар Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусган ажиллаж байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Шилэн дансны тухай хууль, ГХЯ-ны Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөнд тусгасны дагуу үйл ажиллагааны, хүний нөөцийн, санхүү, худалдан авалтын журам, заавар, төлөвлөгөө, тайлан, холбогдох шийдвэрүүдийг ГХЯ-ны цахим хуудсанд нээлттэй байрлуулж, ил тод байдлыг ханган ажиллаж байна.

2015 оны 4-р сарын байдлаар Авлигатай тэмцэх газарт ГХЯ-наас шалгагдаж байгаа хэрэг, албан тушаалтан байхгүй болно.

Дээрх хугацаанд ЭБАТ АТГ-ын Судалгааны хэлтсээс зохион байгуулсан Авлигын үнэлгээний аргачлалыг сайжруулах тухай хэлэлцүүлэгт оролцож холбогдох санал өгөв.

ГХЯ-ны ЭБАТ, хүний нөөцийн асуудал хариуцсан атташе нар ГХЯ-ны 2014 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5-р тогтоолын нэмэлт, өөрчлөлтөөр нэмэгдэж хасагдах албан тушаалтнуудын ангилалтай тулган гаргасан болно. 2014 оны ХАСХОМ мэдүүлэх албан тушаалтны жагсаалтанд Төрийн захиргааны 24, төрийн тусгай 282, төрийн үйлчилгээний 1 албан тушаалтан орсноос нийт 7 албан тушаалтан УИХ-ын ХЗБХ-ны 5-р тогтоолоор хасагдан, ГХЯ болон Дипломат төлөөлөгчийн газруудад (ДТГ) ажиллаж буй нийт 300 албан тушаалтны нэрс албан тушаал, томилогдсон огноог АТГ-т мэдүүлэв.

2014 онд төрийн бусад байгууллагаас ДТГ-т томилогдсон нийт 20 гаруй албан хаагчийн ХАСХОМ цахим бүртгэлийг цаг тухайд нь АТГ-ын холбогдох мэргэжилтэнд мэдээлэн шилжүүлэн авч, 10 гаруй хүний цахим бүртгэлийг ГХЯ-д нээв. Чөлөөлөгдсөн 50 гаруй албан хаагчийн цахим бүртгэлийг хаав.

ХАСХОМ мэдүүлэх үүрэг бүхий нийт 300 албан хаагчийн 100 нь ГХЯ-д, 200 нь ДТГ-т ажиллаж байна. 2014 оны ХАСХОМ-ийг 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор бүрэн хүлээн авч баталгаажуулав. Хилийн чанад дахь ДТГ-уудаас ирүүлэх ХАСХОМ, өмнөх онуудын туршлага болон яамны бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан ГХЯ-ны төв аппаратын зарим албан хаагчид 2014 оны 12-р сарын 30-нд томилогдсонтой холбогдуулан ГХЯ-ны төв аппаратын албан хаагчдын ХАСХОМ ирүүлэх хугацааг 1-р сарын 29-ний өдөр, ДТГ-ын албан хаагчдыг 1-р сарын 31-ны өдөр багтаан ХАСХОМ мэдүүлэх албан захиаг нийт албан хаагч, ДТГ-уудад хүргүүлсэн болно.

ДТГ-уудын цагийн зөрөө, цахим сүлжээний системийн ялгаатай байдал, үүнээс үүдэлтэй холбоо барихад хүндрэл үүсэх, мэдүүлэг өгөхөд сүлжээ ажилахгүй байх, хэвлэх боломжгүй байх, дипломат шуудан тэр бүр явахгүй байх зэрэг хүндрэлүүдийг үл харгалзан нийт албан хаагчдын 2014 оны ХАСХОМ-ийг 2015 оны 2 дугаар сарын 15-ны дотор цахимаар бүрэн хүлээн авч баталгаажуулав. ЭБАТ дээрх үйл ажиллаганы хүрээнд 70 гаруй зөвлөгөөг олон улсын ярианы дуудлагаар, 40 гаруй зөвлөгөөг цахим шуудангаар өгч ажиллав.

Цаасаар биечлэн ирүүлсэн ХАСХОМ мэдүүлэгчийн маягтыг бөглөсөн байдал, хуудас бүрт гарын үсэг зурсан байдал, маягтын 2.7., арын хуудсанд гарын үсэг зуран баталгаажуулсан эсэх, орлогын мэдүүлэг, тооны орон үнэн зөв бөглөгдсөн эсэх, зээл, авлага, хөрөнгийн тоо хэмжээ бодитой, үнэн бөглөгдсөн эсэхийг газар дээр нь нягтлан, дутуу бөглөгдсөн ХАСХОМ-ийг буцааж, нөхөн бөглүүлсний үндсэн дээр гарын үсэг зуруулан хүлээн авч, баталгаажуулалт хийв.

ГХЯ болон ДТГ-уудад салбар байгууллага нэгжийн эрх бүхий албан тушаалтан байхгүй бөгөөд ГХЯ-ны зарим харьяа нэгж болох Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, Дипломат академи, Сургалт судалгааны төв, ЮНЕСКО-гмийн үндэсний хорооны удирдлагуудтай ГХЯ-ны ЭБАТ өөрөө холбогдон ХАСХОМ-ийг нь хүлээн авч, баталгаажуулсан болно.

2014 оны ХАСХОМ-ийг мэдүүлэхтэй холбогдуулан ЭБАТ АТГ-ын Хяналт-шалгалт үнэлгээний хэлтэстэй хамтран Авлигын эсрэг хууль, тогтоомж, ХАСХОМ бөглөхтэй холбоотой сургалтыг 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 10:00 цагт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав. Сургалтыг АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн комиссар Б.Мөнхбаяр зохион байгуулж явуулав. Сургалтанд ГХЯ-ны 60 гаруй албан хаагчид оролцож, 2 цаг 30 минут үргэлжилж, холбогдох асуултанд хариулж, хэлэлцүүлэг зохион байгуулав.

2015 оны 1 сарын 19-нд ГХЯ, ДТГ-ын нийт албан хаагчдад явуулсан ХАСХОМ мэдүүлэх тухай албан захидалд Acrobat файл хэлбэрээр 32 хуудас “Мэдүүлэг гаргагч нарт зориулсан зөвлөмж”, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хамтаар хүргүүлсэн болно.

ХАСХОМ-ийг хуулийн хугацаанд багтаан мэдүүлэх талаар ГХЯ болон ДТГ-уудийн албан хаагчдад нийт 5 албан захидлыг хүргүүлсэн болно (2015 оны 1-р сарын 19-ний өдрийн е/11/15/0049, е/11/15/0054, 1-р сарын 23-ны е/11/15/0080, 1-р сарын 26-ны е/11/15/0082, 2-р сарын 11-ны е/11/15/0134 тоот албан шуудан).

ХАСХОМ хуулийн хугацаанд мэдүүлэх тал дээр ГХЯ-ны удирдлага, тэр дундаа Төрийн нарийн бичгийн дарга болон ТЗУГ-ын захирлын зүгээс онцгой анхаарал тавин, ЭБАТ-ын ажлыг зохих хэмжээнд дэмжин зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн болно. ЭБАТ ХАСХОМ мэдүүлэх хугацаанд АТГ-ын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтэстэй идэвхтэй ажиллаж нийт 6 удаа АТГ дээр очин зөвлөгөө авч, мэдээлэл солилцон, холбогдох ХАСХОМ-уудыг хугацаанд нь аваачиж өгч хамтран ажиллав.

-oОo-