Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЛ.ПҮРЭВСҮРЭН САЙД Д.АЛТАНХУЯГ ТЭРГҮҮТЭЙ БАЛЕТЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Л.ПҮРЭВСҮРЭН САЙД Д.АЛТАНХУЯГ ТЭРГҮҮТЭЙ БАЛЕТЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин, АНУ-ын Бостон Балетын гоцлол бүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг болон “Welcome to Mongolia” олон улсын балетын наадамд оролцох АНУ, Япон, Франц, Гүрж, Хятад, Казахстан зэрэг улсын шилдэг балетчдыг 6 дугаар сарын 16-ны өдөр Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзлаа.

Л.Пүрэвсүрэн сайд Монгол Улс дэлхийн тавцанд өөрийн түүх, соёл, язгуур урлагаараа төдийгүй балет, дуурийн сонгодог урлагаар сурталчлагдаж байгаад, үүнд авьяаслаг Монгол жүжигчид ихээхэн хувь нэмэр оруулж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, нийт балетчдыг Монголын зочломтгой заншилтай танилцахыг хүслээ.

Ерөнхийлөгчийн Европын Парламентад хийсэн айлчлалын үеэр Францын кино аж үйлдвэрийн төлөөлөлтэй уулзалт хийхэд дэлхийн киноны сэдэв Монголын түүхэнд анхаарлаа хандуулж байгаа талаар яригдсан тухай Гадаад хэргийн сайд онцоллоо. Дипломат элч, одон орны судлалыг хөгжүүлж, цаасан мөнгө зэргийг нэвтрүүлсэн монголын ард түмний бүтээлч сэтгэлгээ хүн төрөлхтний тухайн үеийн соёлын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан гэж гадаадад үнэлэгдэж байгааг Л.Пүрэвсүрэн сайд тэмдэглэв.

Соёлын элч Д.Алтанхуяг балетын найрал хөгжимд морин хуурыг оруулж байгаагаа дурдаад, 2016 онд Олон улсын балетын тэмцээнийг Улаанбаатарт зохион байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгалаа.

Д.Алтанхуягийн 6-р сард Токиод хийх Гала концертыг зохион байгуулах, сурталчлахад ГХЯ, Токио дахь ЭСЯ хамтран ажиллаж байгаа юм.