Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүр(ЦАГААН ДАРЬ ЭХ)

(ЦАГААН ДАРЬ ЭХ)

whitetaraЦагаан дарь эх /төвдөөр Долгор/ дэлбээгээ нээж буй бадамлянхуа цэцгийн давхар дэлбээт дүрс бүхий хээгээр бүтэн тойруулан чимсэн дугуй суурин дээр очир суудлаар заларч, баруун гарынхаа алгыг нааш харуулан хурууг тэнийлгэж баруун хөлийн өвдөг дээр зөөлөн тавьсан байна. Зүүн гараа тохойгоор нугалан зүүн хөхний харалдаа өргөж, алгыг нааш харуулан, эрхий, ядам хуруугаар удвал цэцгийн ишнээс чимхжээ. Тэргүүндээ зэндмэнэ эрдэнэ бүхий лянхуа цэцгийн таван дэлбээ хэлбэрт Рэн-аа буюу титэм асааж, овойлгож шуусан үсэндээ зэндмэнь оройт боолт зүүжээ. Титэмний гол гурван салаа дэлбээтэй бөгөөд үсний боолтын орой дахь зэндмэнээс дөрвөн талруу салаалан унжсан цэцгэн хээ чимэг, бүслүүртэй байна. Хар хөх өнгийн задгай үс нь хоёр мөрөө даган хээтэн мушгирч сул унжсан бөлгөө.

Саран хэлбэрийн хөмсөгний дунд оюун билгийн нүд /ийм нүд хоёр гарын алга, хоёр хөлийн уланд дүрсэлсэн байна/ товойн тодорч, арвай нуман мэлмийний нь зовхи ялимгүй буусан бөгөөд, цээж өргөн, бэлхүүс нарийн бие галбир, урлаг төгс ажээ. Цагаан дарь эх хоёр өвдөгнөөс ялигүй илүү гарсан урттай, хөндлөн судал, цэцгэн хээтэй нимгэн шамтав /өмд/ өмсөж, хээ чимэгтэй том дугуй ээмэг, эргэн тойрон гурав гурваар салаалж хэлхэгдсэн унжлага бүхий чимэгтэй бүс, хоёр хөлийн шилбэ, хоёр гарын бугуй, булчин тус бүрт цэцэг навчин хээтэй чимэг, хүзүүндээ дугуй хээ угалз, унжлага чимэг бүхий гурван давхар зүүлт, гоёл тэргүүтэнг асаажээ. Торгомсог нимгэн туузан нөмрөгийг зүүн мөрөн дээгүүр давуулан баруун тийш ташуулан эгэлдэргэлсэний нэг үзүүр зүүн гарын шуун дээгүүр даван хээтэн мушгирчээ.

Эдгээр бүтээл угтаа бурхны дүрээр хүний оюун ухаан, бие бялдрын гоо сайхныг магтан дуулж, нөгөө талаас муу муухай бүхнийг сэтгэлээрээ тэвчиж ялах агуу их хүч чадлын ариун дээд илэрхийлэл юм. Өндөр нь 68 см, өргөн нь 45 см хэмжээтэй Цагаан дарь эхийн хөрөг баримлыг хүрлээр нэгэн бүхэл цул атлаа хөндий цутгаж, алтаар шарсан хийгээд хэвнээсээ их биетэйгээ хамт цутгагдан гарсан титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурины иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолтворын аргаар тодруулж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, туузан нөмрөг, түүний материаллаг чанарыг маш нарийн урлаг төгс бүтээсэн нь гайхамшигтай байна.

Эндээс Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэл дэхь тиг канон, дэг жаягийг бүтээлчээр өөрчилж үндэсний уран сайхны сэтгэлгээгээр баяжуулан ард түмнийхээ зан үйл, хүсэл тэмүүллийг шингээсэн бурханы урлахуй ухааны монгол сургууль, үндэсний хүрэл цутгамлын урлагийн өвөрмөц шинж чанар ажиглагдана. Түүний торгомсог нимгэн нөмрөг өмсгөлийн цаанаас хоёр хөх нь товойн гэрэлтэж, бие галбир цэгц шулуун, бэлхүүсээрээ уран нарийн, үе мөч нь урсгал зөөлөн, гар хуруу нь уян налархай гайхамшигтай яруу төгөлдөр ажээ. Цагаан дарь эх салхинаас өөр юу ч хүрээгүй цэвэр ичимтгий монгол охидын сонгодог дүр бөгөөд уран сайхны ертөнцийн нэгэн хэмжүүр болно. Түүний нүүр, биеийн хэлбэр, гар хуруу нь хүүхдээрээ булбарай, үзэсгэлэн төгөлдөр шинж бүрэлдэж яваа төрхийг зүүн мөрөн дээр нь дөнгөж нүдлэн, цомирлогоо нээж байгаа цэцгээр адилтган дүрсэлсэн ажээ.