Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АМЖИЛТТАЙ БАЙГУУЛСАН ГИШҮҮДИЙГ ШАГНАВ

МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ АМЖИЛТТАЙ БАЙГУУЛСАН ГИШҮҮДИЙГ ШАГНАВ

Монгол Улс, Япон Улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг амжилттай байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, хэлэлцээний багийн ахлагч, гишүүдийг төрийн одон медалиар шагнах ёслолын ажиллагаа боллоо.

Монгол Улс Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүнээр 1997 онд элссэн хэдий ч тус байгууллагад харьяалагддаг 160 гаруй гишүүн орноос аливаа нэгэн бүс нутгийн болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдээгүй цорын ганц орон байсан. Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр нь манай улсын байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр бөгөөд улс төр, эдийн засгийн чухал ач холбогдолтой хэлэлцээр болсон билээ.

Анх 2005 онд Монгол Улс Япон Улсын Засгийн газарт чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах талаар хандаж байсан бөгөөд 2010 онд хоёр орны хооронд “Стратегийн түншлэл”-ийн хамтын ажиллагааны хүрээнд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахаар талууд харилцан тохиролцсон юм. Хэлэлцээрийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд 2010 онд хоёр талын хамтарсан судалгааны баг байгуулагдан ажиллаж, хоёр орны сонирхол, харьцангуй давуу тал болон хэлэлцээрийн хамрах хүрээ, салбарыг тодорхойлсон.

Уг ажлын хэсэг, шинжээчдийн баг нь 2012 оноос эхлэн 3 жил орчим хугацаанд 7 үе шатны хэлэлцээг Японы талтай хийсэн бөгөөд 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр тал хэлэлцээрийн бүх асуудлаар зарчмын тохиролцоонд хүрч чадсан. Ингээд 2015 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” болон түүнийг хэрэгжүүлэх хэлэлцээрт Токио хотноо  гарын үсэг зурсан билээ. Монгол Улс, Япон Улсын Засгийн газрын Тэргүүн нар гарын үсэг зурсан уг хэлэлцээрийг талуудын Парламент соёрхон батлаад байгаа.

Энэхүү хэлэлцээний багийн ахлагчаар ажилласан Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбат, дэд ахлагч, ГХЯ-ны Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хариуцсан Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Д.Болбаатар, Бүлгийн ахлагч Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, ГХЯ-ны Эдийн засгийн хамтын ажиллаганы газрын дэд захирал А.Ариунаа, Аж үйдвэрийн яамны Худалдааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Золтуяа, Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн гаалийн байцаагч Д.Баярсайхан, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын зөвлөх Д.Мөнхжаргал, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын Шинэчлэлийн бодлого, төлөвлөлтийн газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсийн дарга Г.Чинзориг нарын 10 гаруй албан тушаалтныг Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрийг байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон медалиар шагнав.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэхүү хэлэлцээрийг байгуулахад оролцсон ажлын хэсэг, шинжээчдийн багийн гишүүдэд талархал илэрхийлж, шагналыг гардуулав.

Ийнхүү манай улс “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг Япон Улстай байгуулснаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан “гуравдагч хөрш”-ийн бодлогыг эдийн засгийн агуулгаар баталгаажуулахад томоохон түлхэц болно гэж үзэж байна. Цаашилбал бүс нутгийн интеграци, үйлдвэрлэлийн сүлжээнд нэгдэн орох, японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи, ноу-хауг нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэхэд энэхүү хэлэлцээр чухал хувь нэмэр оруулах болно.