Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрАРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН НАЙМДУГААР БАГА ХУРАЛ БОЛОВ

АРДЧИЛСАН ОРНУУДЫН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН САЙД НАРЫН НАЙМДУГААР БАГА ХУРАЛ БОЛОВ

Эл Сальвадор Улсын нийслэл Сан Сальвадор хотноо Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэг /АОХН/ -ийн Сайд нарын наймдугаар бага хурал болов. Хуралд 70 гаруй орны 800 гаруй төлөөлөгч оролцлоо.  Сайд нарын бага хурлыг тус хурлын дарга, Эл Сальвадор Улсын Гадаад хэргийн сайд Хиуго Мартенивс нээж үг хэлэв. Тэрбээр “Эл Сальвадор Улсын Засгийн газар улс орондоо ардчиллыг хөгжүүлэхийн төлөө чармайн ажилласны дүнд олон жилийн иргэний дайны дараах үүссэн нөхцөл байдлыг өөрчлөх, нийгмийн эвлэрлийг бий болгохын төлөө ажиллан зохих амжилтад хүрч байна. Ардчилсан нийгмийг улс орондоо цогцлоон бүтээхэд бидний өмнө бэрхшээл тулгараад  байгаа хэдий ч олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг, түүний дотор ардчиллын зарчим, үнэт зүйлийг бэхжүүлснээр, мөрдснөөр зорилгодоо хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Эл Сальвадор Улс АОХН-ийн дарга орны хувьд хөгжлийн байдалд анхаарал тавьж, “Ардчилал ба Хөгжил”-ийн уялдаа холбоог хангах тухай НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоол гаргуулахаар ажиллаж байна” хэмээгээд бусад улс орныг дэмжихийг уриалсан юм.

Бага хурал уламжлал ёсоор залуучууд, иргэний нийгэм, хувийн хэвшил, бизнес, Парламентын чуулга уулзалт зэрэг салбар хуралдаануудаар үргэлжилж Сайд нарын бага хуралд дүнгээ танилцуулав. Энэ удаагийн бага хурлын гол сэдэв нь “Ардчилал ба Хөгжил”-ийн уялдаа холбоог Засгийн газар, Иргэний нийгэм, Эдийн засгийн талаас тус тус хэлэлцэж, түүний мөрөөр тодорхой ажил зохион байгуулахад чиглэв.

Иргэний нийгмийн чиглэлээр ил од байх, нээлттэй засаглал , нийгмийн аудитыг нэвтрүүлэх талаар мөн ярилцсан. Ардчилал бол нийгмийн бүх давхарга, түүний дотор эмзэг бүлгийнхэн, бэлгийн цөөнх, уугуул иргэдийн эрх ашиг, хүний эрхийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэх ёстойг онцлов.

Парламентын чуулга уулзалтаар хүний эрхийг баталгаажуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх, эдийн засгийн орчин нь нийгмийн хөгжлийн уян хатан байдлыг хангахад чиглэсэн хууль эрх зүйн орчин байх ёстой талаар ярив.

Харин залуучуудын чуулга уулзалтаар тэдний бүрэн оролцоог хангах  боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг чухалчилав.

Нийгмийн талаас нь ярьдаг байсан бол ардчилал нь эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой бөгөөд бизнес хувийн хэвшлийнхэний нийгмийн хариуцлагыг дээшлүүлснээр нийгмийн төлөө үйл ажиллагаагаа зориулах боломжийг нэмэгдүүлэх боломжтойг хөндөв.

Түүнчлэн бага хурлын үеэр ардчилал ба хөгжил,  дэлхий дахины ардчиллын өнөөгийн байдал , хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах, ил тод байдлыг дэмжих, иргэдийн оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөлөө.