Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА АСЕФ-ЫН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

ЭЛЧИН САЙД Б.ДЭЛГЭРМАА АСЕФ-ЫН ЗАХИРАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО

АСЕМ-ын цорын ганц байнгын үйл ажиллагаатай байгууллага болох Ази-Европын сан /АСЕФ/-гийн Захирагчдын Зөвлөлийн ээлжит жилийн 32 дахь удаагийн хурал 2014 оны 12 дугаар сарын 4-5-ны өдөр Сингапур хотноо болж өнгөрсөн бөгөөд тус чуулганд Монгол Улсаас АСЕФ-т Захирагчаар ажиллаж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа оролцлоо.

Элчин сайд Б.Дэлгэрмаа  Ази Европын хамтын ажиллагааны асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, АСЕМ-ын 20 жилийн тэмдэглэлт ойн үеэр Монгол Улсад зохион байгуулагдах “АСЕМ-ын 11 дүгээр Дээд хэмжээний уулзалт”, түүний хүрээнд зохион байгуулагдах салбар хурлуудын талаар гишүүн орнуудаас томилогдсон Захирагч нартай санал солилцсон юм.

Уг ээлжит хурлаар Захирагчдын зөвлөлийн Дэд дарга, Гүйцэтгэх зөвлөл дэх Азийн орнуудын төлөөлөгч, Санхүү, дотоод хяналтын хорооны Даргыг шинээр сонгож, АСЕФ-ын 2014 оны ажлын тайлан, 2015 оны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөө, түүний дотор улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын салбарт ирэх онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг баталжээ.

Түүнчлэн хурлын үеэр 47 орны Захирагч нар АСЕМ-ын тэмдэглэлт ойн баяраар Дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс зохион байгуулахаар болсонд баяр хүргэж, сүүлийн жилүүдэд Монгол Улс тус хамтын ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч ажиллаж буйг Европын Холбоо болон гишүүн орнууд өндрөөр үнэлж бахархаж байгааг илэрхийлж, 2016 онд зохион байгуулагдах 11 дүгээр Дээд хэмжээний уулзалтаас томоохон хүлээлттэй байгаа тул ихэд санаачлагатай, шинэлэг байдлаар зохион байгуулахыг зөвлөж байлаа.