Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын дөрөвдүгээр улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Богота хотноо зохион байгуулагдав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, Колумбийн ГХЯ-ны Ази, Африк, Далайн орнуудын газрын захирал Нелси Мунар нар тэргүүлэн оролцлоо.
Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол, Колумбийн харилцаанд сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг бататган, улам идэвхжүүлэн ажиллахын төлөө байгаагаа нотлов. Хоёр талын харилцааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 онд байгуулагдсан “Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумби Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд манай улсыг Колумбийн Засгийн газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамрагдахыг урив. Түүнчлэн, хоёр талын бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Өргөмжит консулуудыг ойрын үед харилцан томилохыг чухалчлав.
Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн хадгалж, НҮБ болон олон талт механизм, тэр дундаа Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн үеэр “Энгийн паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Колумби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсаас Бүгд Найрамдах Колумби Улсад хавсран суугаа Элчин сайд С.Золжаргал, Колумбийн Гадаад хэргийн дэд сайд Хорхе Рохас нар гарын үсэг зурав.
Ийнхүү Колумби Улстай визээс харилцан чөлөөлөх хэлэлцээр байгуулснаар манай улсын иргэд Латин Америкийн Аргентин, Бразил, Барбадос, Доминикан, Колумби, Куба, Парагвай, Перу, Чили, Уругвай, Эквадор зэрэг улстай визгүй зорчих боломж бүрдэж байна.