Монгол Улсын Гадаад харилцааны яам, Канад Улсын Гадаад хэргийн яам хоорондын хоёрдугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Оттава хотноо зохион байгуулав.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал А.Ананд, канадын талаас Гадаад хэргийн яамны Зүүн хойд Азийн газрын захирал Жояа Донэлли нар тэргүүлэн оролцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд Монгол, Канадын “Иж бүрэн түншлэл”-ийг бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломж, бололцооны талаар санал солилцов.
Монголын тал Засгийн газрын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг танилцуулж, канадын талтай хамтран ажиллах боломжуудыг онцлов. Түүнчлэн ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт ач холбогдол өгч байгааг илэрхийлэв.
Канадын тал Энэтхэг Номхон далайн стратегийнхаа хүрээнд Монгол Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, чингэхдээ уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, цахим хөгжил, соёлын солилцоог чухалчилж байгааг тэмдэглэв. Сүүлийн жилүүдэд Канадын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад үзүүлж буй тусламж 60 хувиар нэмэгдсэнийг онцлоод цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.