Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Канад Улсын Гадаад хэргийн яамны Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Худалдааны ерөнхий төлөөлөгч Пол Топпилыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг 2023 онд талууд Монгол, Канадын хооронд дипломат харилцаан тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэснийг тэмдэглэж, энэхүү өндөр ойн жил Монгол Улс, Канад Улсын харилцааны түвшин ахиж, Иж бүрэн түншлэлд хүрсэнд баяртай буйгаа илэрхийлэв. Монгол Улс нь Канадыг чухал “гуравдагч хөрш” хэмээн үздэгийг тэрбээр мөн тэмдэглэж, хоёр талын харилцаанд уул уурхайн хамтын ажиллагаа зонхилж ирсэн ч Иж бүрэн түншлэлийн хүрээнд талууд худалдаа, хөрөнгө оруулалтын, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын зэрэг бусад чиглэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв.
Энэтхэг, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Худалдааны ерөнхий төлөөлөгч П.Топпил Канадын “Энэтхэг, Номхон далайн стратеги”-ийн хүрээнд Монгол Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгааг тэмдэглэв. Цаашид уул уурхайн салбарын хамтын ажиллагааг илүү тогтвортой, “ногоон” болгох чиглэлээр хамтран ажиллахаас гадна, харилцаагаа шинэ агуулгаар баяжуулж, тухайлбал байгаль орчны хамгаалал, цахим аюулгүй байдал, эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломж, бололцооны талаар талууд ярилцаж, санал солилцов.