Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Вильнюс хотноо зохион байгуулав.
Улс төрийн зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, литвын талаас Энэтхэг, Номхон далайн газрын захирал Юлиус Праневичус нар тэргүүлэв.
Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Литвын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтуудын талаар танилцуулж, энэ хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Мөн хоёр талын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, ялангуяа олон улсын ачаа тээвэр, логистикийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад харилцан ашигтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, үр дүн гарган ажиллахаар болов.
Түүнчлэн хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой хамтын ажиллагааны баримт бичгүүдийг эцэслэн байгуулахаар тогтов.
Түүнчлэн НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны уламжлалыг хадгалах талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцов.