Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эхэллээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 29 дүгээр бага хурлын үеэр болж буй дээд түвшний уулзалтад шинэ амлалтаа танилцуулж, байр сууриа илэрхийлэхээр дэлхийн 160 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн иржээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхийлөгч Илхам Алиев нар дэлхийн удирдагчдыг угтан мэндчиллээ.

Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт нь хүлэмжийн хийн ялгарлыг 2050 он гэхэд тэглэх, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилгын хүрээнд хүлээсэн үүрэг амлалтын биелэлтийг түргэтгэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,  дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, санхүүжилт босгох, ялангуяа хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах санхүүжилтын хамтын шинэ зорилтыг тодорхойлж, улмаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж буй үйл явцыг эрчимжүүлэх, оролцогч талуудын эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьж байна.

Бүгд Найрамдах Азербайжан Улс 2025 он гэхэд дасан зохицох санхүүжилтийг дор хаяж хоёр дахин нэмэгдүүлэх талаар мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахыг хөгжингүй орнуудад уриалж, бодит амлалт, санхүүжилтийн шинэлэг механизмд онцгойлон анхаарал хандуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанд үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна.