Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны Бүгд хуралдаанд энхийг сахиулах ажиллагааны асуудлаар үг хэлэв.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс олон талт яриа хэлэлцээг чухалчилж, олон улс, бүс нутгийн аюулгүй байдалд тулгарсан сорилт, бэрхшээлийг шийдвэрлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад энхийн замаар хувь нэмрээ оруулахын төлөө идэвх санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглэв.
Монгол Улс өнгөрсөн 22 жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 22,000 гаруй энхийг сахиулагчаа оролцуулж, дэлхий дахинд энх тайван, аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ тив, дэлхийн халуун цэгүүдэд нэр төртэй биелүүлж байгааг онцлоод, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг сайжруулах чиглэлээрх зарим асуудлаар байр сууриа илэрхийлэв.