Зорилго:
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурал Саудын Арабын Рияд хотноо 2024 оны 12 дугаар сарын 2-13-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба энэ үеэр Монгол Улсыг төлөөлөн “Ногоон бүс”-ийг хариуцан ажиллах байгууллагыг сонгон шалгаруулах гэж байна. Тус бүс нь Монгол Улсын байгаль орчин, тогтвортой хөгжлийн зорилтуудыг олон улсын түвшинд сурталчлах чухал талбар болох бөгөөд сонгогдсон байгууллага уг бүсийн бүх зохион байгуулалт, үйл ажиллагааг хариуцан ажиллана.
Хариуцан ажиллах байгууллагын үндсэн үүрэг, хариуцлага:
- Монгол Улсын “Ногоон бүс”-ийн ерөнхий зохион байгуулалт, үзэсгэлэнгийн талбайн дизайн, тохижилтыг хариуцах. Үүнд:
- Дизайн ба материалын хувьд үзэсгэлэнгийн орон зайг тогтвортой, байгальд ээлтэй байдлаар зохион байгуулж, дахин ашиглах боломжтой, байгальд ээлтэй материалыг ашиглах шаардлагатай. Жишээлбэл: хулс, модон хуванцар нийлмэл материал, дахин боловсруулсан мод болон байгалийн чулуу ашиглах зэрэг болно.
- Галын аюулгүй байдлыг хангахын тулд тус бүр 100 м² талбайд 2 ширхэг нунтаг гал унтраагч байрлуулах шаардлагатай бөгөөд үзэсгэлэнгийн танхимд ажилчид аюулгүй ажиллагааны хамгаалах хэрэгсэлтэй байх ёстой.
- Оролцогчид болон бэлтгэл ажилд оролцогчдыг хянах зорилгоор нэвтрэх зөвшөөрлийн тэмдэгтэй байх шаардлагатай. Нэвтрэх зөвшөөрлийн бүртгэл, ажилчдын өдөр тутмын бүртгэлийг тухай бүр хөтөлнө.
- Үзэсгэлэнгийн оролцогчид зохион байгуулагчдаас танилцуулсан бүхий л аюулгүй байдлын дүрмийг мөрдөж, байгууламжийн эвдрэл гэмтэл учруулахаас зайлсхийнэ. Түүнчлэн үзэсгэлэнгийн талбайг тохижуулж дууссаны дараах үлдсэн материалыг зохих журмаар устгах үүрэгтэй.
- Байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн, газрын доройтол, цөлжилтийн эсрэг Монгол Улсын бодлого, ололт амжилтыг сурталчлах;
- Үзэсгэлэнд оролцогчдод танилцуулах тараах материалыг бэлтгэсэн байх, тараах;
- Оролцогчдын тав тухтай байдлыг хангах, үзэсгэлэнгийн талбайн аюулгүй байдлыг зохицуулах;
- Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын онцлог, уламжлалт соёл, инновацыг оновчтой танилцуулж, гадаадын болон дотоодын зочидтой харилцаа холбоог өргөжүүлэх боломжийг бүрдүүлэх.
Сонирхогч аж ахуйн нэгж байгууллагад тавигдах ерөнхий шаардлага:
- Байгууллагын үйл ажиллагаандаа байгаль орчин, тогтвортой хөгжил, ногоон инновацын чиглэлээр ажилладаг эсвэл дэмждэг байх;
- Монгол Улсын онцлог, байгальд ээлтэй шийдэл бүхий шинэлэг дизайн, брэндингийн шийдлийг хэрэгжүүлэх чадвартай байх;
- Үзэсгэлэнгийн бүх зохион байгуулалтын зардал, логистикийг хариуцах санхүүгийн болон хүний нөөцтэй байх;
- Тус үзэсгэлэн, арга хэмжээг өөрийн байгууллагын зардлаар хариуцах боломжтой байх;
- Нэгдсэн Үндэстний Байгууллагын болон бусад олон улсын төрөлжсөн агентлагуудын үзэсгэлэн, арга хэмжээнд Монгол Улсын онцлог, өв соёл, байгаль орчин, цөлжилт, газрын доройтлын эсрэг явуулж буй арга хэмжээг танилцуулах чиглэлээр ажиллаж байсан туршлагатай байвал давуу тал болно.
Бүрдүүлэх материал
- Байгууллагын танилцуулга, ажлын туршлага болон ижил төрлийн өмнөх төслүүдийн мэдээлэл;
- Оролцох саналын албан бичиг, үзэсгэлэнгийн талбайн зохион байгуулалтын санаа, дизайн;
- Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн бодлого, арга хэмжээг дэмжсэн төлөвлөгөө;
- Тус үзэсгэлэнгийн үйл ажиллагааг өөрийн зардлаар хариуцан оролцох боломжтойг илэрхийлсэн албан хүсэлт зэрэг болно.
Материал хүлээн авах хугацаа
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагуудын санал, холбогдох материалыг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14:00-17:00 цагт Сүхбаатар дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 7-А, Гадаад харилцааны яамны 31 тоот өрөөнд хүлээн авна. Файлаар cop17-mongolia@mfa.gov.mn цахим хаягт ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Шалгаруулах журам:
Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулах болно.
Жич: Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл cop17-mongolia@mfa.gov.mn, tserendulam.sh@mfa.gov.mn хаягаар холбогдон авах боломжтой.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал
(COP-17)-ын бэлтгэл ажлын алба