Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр Элчин сайдыг онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын бодит хамтын ажиллагааг дэмжих, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд тодорхой ахиц гаргахад анхаарч буйг онцлоод ойрын хугацаанд Сөүл хотноо болох Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр тал хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар үр дүнтэй санал солилцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Талууд ирэх 2025 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийн төлөө буйгаа онцлон тэмдэглэв.