Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д 2023 онд хийсэн төрийн айлчлалын мөрөөр Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн /МЕДЕФ/-ийн дэргэдэх “Монгол, Францын бизнес зөвлөл” болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Монгол-Францын Бизнес уулзалтыг зохион байгуулав.
Арга хэмжээнд Францын аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн /МЕДЕФ/-ийн дэргэдэх “Монгол, Францын бизнес зөвлөл”-ийн Ерөнхийлөгч бөгөөд “Орано” группийн ТУЗ-ын дарга Клод Имовен болон Францын талаас Orano, Airbus Defence & Space, Airbus Helicopters, BpiFrance, Catering International Services-CIS, EasyCube, ESL Rivington, Iveco Group, Jcdecaux, Messiers, Novakamp, Poma, Synetics Export, Thales, Alston зэрэг аж ахуйн нэгжүүд оролцож, хөдөө аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, зам тээвэр, банк санхүү, уул уурхай, эрчим хүч, зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар танилцуулга хийв.
Мөн үеэр Монголын Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон, Францын BPIFRANCE хөрөнгө оруулалтын банкны Гүйцэтгэх захирал Оливер Винсент нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
Тус уулзалтын төгсгөлд хоёр талын бизнесийн төлөөлөгчид “B2B network” уулзалт хийж, нэрийн хуудсаа солилцон, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцов.