Зорилго:
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс хүлээн авч, зохион байгуулахтай холбогдуулан лого, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүдийн дунд нээлттэй зарлаж байна.
Ерөнхий шаардлага:
- Бүтээл нь Монгол Улсын үндэсний өв, соёл, зан заншил, байгалийн онцлогийг илэрхийлсэн байх. Уран бүтээлчид үндэсний өнгө төрхийг илтгэх өвөрмөц дүрс, хэлбэрүүдийг шингээж, цөлжилттэй тэмцэх санаачилгыг тодорхой дүрслэн үзүүлсэн байвал зохино. Жишээ нь: Монголын хээр тал, уудам газар нутгийн онцлогийг харуулсан байгаль амьтны дүрслэлийг орчин үеийн дизайны элементүүдтэй хослуулах.
- Лого нь харахад содон бөгөөд олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц шинэлэг байвал зохино.
- Дүрслэлийн шийдэлд “COP17 Ulaanbaatar 2026” бичвэрийг тусгасан байх;
- График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
- Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
- Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
- Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
- Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болно;Брэндбүүк нь албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, дарцаг, флэш диск, цаасан уут, аяга, усны сав, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.
Уралдааны хугацаа:
Уралдаанд оролцох бүтээлийг 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүрэг, Энх тайвны өргөн чөлөө 7-А, Гадаад харилцааны яамны 25 тоот өрөөнд хүлээн авна. Файлыг цахимаар cop17-mongolia@mfa.gov.mn хаягт ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Шалгаруулах журам:
Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, уралдааны ялагчийг /иргэн, ААН/ – /2.000.000 төгрөг, батламж/ шагнана.
Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг COP17 Бэлтгэл ажлын алба эзэмшинэ. Мэдээллийг 51-261954, 91910467 утсаар холбогдон авах боломжтой.
Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал
(COP-17)-ын Бэлтгэл ажлын алба