Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо МҮХАҮТ-ын Их танхимд “Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөлийн анхдугаар хурал”-ыг зохион байгуулав.
Бизнес форумыг нээж МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга М.Каримсаков нар хэлсэн үгэндээ хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд мал эмнэлэг, мал аж ахуй, барилга санхүүгийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдийг байгуулсныг онцлон тэмдэглэв.
Арга хэмжээнд МҮХАҮТ болон Казахстаны худалдааны танхимын гишүүд болон хоёр талын 60 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн сацуу тээвэр логистикийн шинэ замнал, хэлхээ холбоо эрэлхийлэх, мал аж ахуйн салбарт вакцин нийлүүлэх Монголд үйлдвэрлэх боломж, Казахстан Улсад Монголын санхүүгийн компани үйл ажиллагаа эрхлэх, барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ажиллаж буй талаар бизнес эрхлэгч нарт дэлгэрэнгүй танилцуулав.
Хоёр улсын хоорондын тээврийн өнөөгийн байдал, хилийн чөлөөт бүсийг хөгжүүлэх талаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захиргаа, “Ландбридж” ХХК Казахстаны Хилийн чөлөөт эдийн засгийн бүсийн удирдах “ХОРГОС” ХК-ийн төлөөлөл нар танилцуулга хийв.
Улмаар “QAZBIOPHARM” ХК-ийн малын вакцины үйлдвэрлэлийн тухай танилцуулав. Номин констракшн девелопмент групп болон аялал жуулчлалын цогцолборын барилгын ажлыг Казахстаны “Эвергрийн инвестмент” компани нар хамтран хэрэгжүүлж байгаа тухайгаа танилцуулав.
Мөн үеэр дараах хамтын ажиллагааны гэрээ зурах ёслол зохион байгуулав:
- Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөлийн Зөвлөлийн ажиллах зарчим;
- “QazBioPharm” ХК болон “Жи Ди Пи Ветланд” ХХК хоорондын хамтын ажиллагаа, нийлүүлэлтийн гэрээ;
- “Номин констракшн девелопмент групп” болон “Эвергрийн инвестмент” ХХК хамтран ажиллах гэрээ;
- “Купрум Энерджи” ХХК болон “Степпкупер” ХХК харилцан ойлголцлын санамж бичиг;
- “Замын-үүд” чөлөөт бүс, Казахстаны Чөлөөт эдийн засгийн бүсийн удирдах компани, Олон улсын хилийн бүсийн хамтын ажиллагааны төв “ХОРГОС” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг зэргийг байгуулав.
Зөвлөлийн анхдугаар хурлын төгсгөлд хоёр талын бизнесийн төлөөлөгчид чөлөөт уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.