Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригес-ийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлуудаар санал солилцов. Энэ хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад БНКУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Мариэла Кастро оролцсонд талархал илэрхийлээд ирэх онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхэд чухал ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Хорхе Родригес талуудын харилцаа, хамтын ажиллагааг харилцан ашигтай салбаруудад өргөжүүлэхийн зэрэгцээ НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр талын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.