Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-той уулзав.
Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд бүс нутаг дахь ойр дотно “гуравдагч хөрш” БНСУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр нягт хамтран ажиллахын төлөө буйгаа илэрхийлэв.
Сайд Жу Тэ Ёль хэлэлцээний шатанд буй Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ажлыг эрчимжүүлэх, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцад анхаарч ажиллаж буйгаа илэрхийлэв. Талууд хоёр талын төдийгүй олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгааг нотлож, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.