Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАНИ УЛСЫН ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГЛИ ХАСАНИ-ТАЙ УУЛЗЛАА

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ АЛБАНИ УЛСЫН ЕВРОП, ГАДААД ХЭРГИЙН САЙД ИГЛИ ХАСАНИ-ТАЙ УУЛЗЛАА

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ 2024 оны 9 дүгээр сарын 25 -ны өдөр Бүгд Найрамдах Албани Улсын Европ, гадаад хэргийн сайд Или Хасани-тай уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Албанийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжиж байгааг онцолж, энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэв.

Гадаад харилцааны сайд нар хоёр талын харилцааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх, ялангуяа аялал жуулчлал, соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Түүнчлэн манай хоёр улс НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцолж, цаашид энэхүү уламжлалаа хадгалахаа талууд нотлов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Албани Улсын хооронд 1949 оны 5 дугаар сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Албани Улс манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс юм.