Арабын Нэгдсэн Эмиратын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Арабын Нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мухаммад Аль-Гуртаси Аль-Нуаими Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, үүрэгт ажилдаа орлоо.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг онцолж, АНЭУ нь Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа дахин нээж байгаа нь тус улсаас хоёр орны харилцаанд ач холбогдол өгч буйн илэрхийлэл гэж үзэж буйгаа хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд АНЭУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцсоноо тэмдэглэлээ.
Цаашид хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв. Элчин сайд Мухаммад Аль-Нуаими улс төр, эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чармайлтаа гарган ажиллахаа илэрхийлэв.
Европын Холбооны Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын Холбооноос Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлсэд суурилсан Монгол Улс, Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
Уулзалтын үеэр хоёр талын хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөгөөнд тусгасан нийтлэг зорилтуудын хүрээнд үр дүнтэй хамтран ажиллаж, харилцааг улам баяжуулах боломжийн талаар санал солилцлоо.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулахад хамтын хувь нэмрээ оруулахад чиглэсэн “Тэрбум мод”, Европын Холбооны “Ойн түншлэл”-ийн хүрээн дэх хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхээ талууд нотлов.
Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 35 жилийн ой тохиож байна.
БНАЛАУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хунгээв Сүгсавад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь чухал түнш, АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн орон болох Лаос Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө байгааг онцоллоо.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын 2023, 2024 онд харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалын үеэр ярьж тохирсон зүйлсийг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулахад Элчин сайд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа тэмдэглэв.
Элчин сайд Хунгээв Сүгсавад уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвх зүтгэл гаргаж ажиллахаа илэрхийллээ.
Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Өнө эртний түүхтэй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж, харилцааны түвшин стратегийн түншлэлд хүрнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн онд БНФУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНФУ-д хийсэн төрийн айлчлал болон энэ оны 07 дугаар сард Парис хотноо хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгчийн ярилцаж, тохиролцсон хамтын ажиллагааны чухал төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэлээ.
Ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээтэй тэмдэглэж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулан, иргэд хоорондын харилцаа, нэн ялангуяа боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлнэ гэдэгт итгэж буйгаа онцлов.
Элчин сайд Коринн Пэрера Да Силва Франц, Монголын харилцааны түүхэнд хамтын ажиллагаа хамгийн өндөр түвшинд, идэвхтэй хөгжиж буйг онцлоод, үргэлжлүүлэн бүхий л салбарт бэхжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ.