Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ-г хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Монгол Улсын “оюун санааны хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд бүхий л салбарт өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хамтран хэрэгжүүлж буй хоёр талын төсөл, хөтөлбөрийг урагшлуулах, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахад идэвхтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд А.М.Готсурвэ Монгол, Энэтхэгийн харилцаа олон салбарт гүнзгийрэн хөгжиж буйг онцлоод ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд дээд, өндөр түвшинд айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.