Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Саппоро хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэ-г 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий дотно түнш Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод Монгол, Японы ард иргэдийн солилцоог өргөжүүлэх, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд Өргөмжит консул Ц.Такэбэ-гийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж буйгаа уулзалтын эхэнд тэмдэглэв.
Талууд Монгол, Японы харилцааг бүхий л чиглэлд гүнзгийрүүлж, манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын найрамдал, нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэхийн төлөө буйгаа илэрхийлэв.
Ц.Такэбэ нь 2014 оноос Монгол Улсын Өргөмжит консулын үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улстай байгаль, цаг уурын хувьд ижил төстэй Япон Улсын Хоккайдо мужийн техник, технологийг Монголд нутагшуулах, орон нутаг, хувийн хэвшил хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийн солилцоог тэлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.