Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг зохион байгуулав.
Чуулга уулзалтад дэлхийн 30 гаруй улсад оршин сууж буй 200 гаруй иргэд болон УИХ-ын гишүүн Д.Бум-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг нар оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” НҮТББ-д үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж, тусгаар тогтносон Монгол Улсын иргэдийн эрх дэлхийн өнцөг булан бүрд нэгэн адил хангагдах учиртайг онцлоод, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийг өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, эв нэгдлийг бэхжүүлэх, иргэдийнхээ дуу хоолойг төр, засагт хүргэхэд идэвх зүтгэл, үр дүнтэй ажиллаж ирснийг тэмдэглэв.
Мөн Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг хэлсэн үгэндээ Гадаад харилцааны яам хилийн чанад дахь монголчуудын холбоодтой шинэлэг хэлбэр, арга барилаар ажиллаж, илүү бодит хамтын ажиллагааг эрэлхийлэх, хилийн чанадад байгаа монгол иргэддээ үзүүлэх консулын хамгааллыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, тэдний хууль ёсны эрх ашгийг цаг алдалгүй хамгаалах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж буйг онцлон тэмдэглэв.
“Хилийн чанад дахь Монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-ын үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйгаараа онцлог байв. Чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудлууд”, “Монгол бахархал, өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал”, “Эх хэл, түүх, өв соёлын боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлууд” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлэв.