Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэти Смит-г хүлээн авч уулзав.
ТНБД-н албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, харилцааны түвшинг нэмэгдүүлж Иж бүрэн түншлэлд хүргэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд К.Смит Монгол, Австралийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж буйг онцлоод өнгөрсөн онд Гадаад харилцааны сайдын Австрали Улсад хэрэгжүүлсэн айлчлал болон Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалтын мөрөөр ажиллаж, цаашид дээд, өндөр түвшнд айлчлал, арга хэмжээ хэрэгжүүлэх, худалдаа, эдийн засаг, боловсрол, батлан хамгаалах, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв.