Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсад 2024 оны 7 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Төрийн айлчлалын үеэр талууд хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл, мэдээллийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх дараах баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүнд:
- “ӨНДӨРЛӨГ ГАЗРЫН МАЛ АЖ АХУЙ, БЭЛЧЭЭРИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ, МАЛ АЖ АХУЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Уг баримт бичгийг байгуулснаар Талууд малын удмын санг сайжруулах, уг салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, үр хөврөлийн солилцоо хийх замаар малын үр шимийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдолтой юм.
Санамж бичгийн хүрээнд сарлаг, адуу, хонин сүргийн удмын сангийн чадавхийг нэмэгдүүлэх, малын гаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн бэлчээрийн нөөц болон экосистемийг бүрдүүлэх зорилгоор бэлчээрийг сайжруулах, нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллана.
- “БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН БУТАНЫ ХААНТ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Талууд боловсролын салбарын хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа уламжлалт анагаах ухаан, гар урлал, уламжлалт соёл урлагийн чиглэлээр оюутан харилцан суралцуулахаар тохиролцлоо.
Түүнчлэн, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр олон улсын хурал, уулзалтыг зохион байгуулж, тал тус бүрийн салбарыг өөрийн улсдаа дэлгэрүүлэн хөгжүүлэх хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.
- “СОЁЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Соёлын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг дэмжих, музей хоорондын сургалт, соёлын солилцоог хөхиүлэн дэмжиж, хамтын ажиллагааны суурийг тавихад уг санамж бичгийн зорилго оршино. Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яамны харьяа Соёл, хэлний агентлагатай уламжлал, шашин судлал, хэл судлал зэрэг салбарын хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэхээр талууд тохиролцов.
- “УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Талууд уламжлалт анагаах ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх зорилгоор энэ чиглэлийн эмч, мэргэжилтнүүдийг солилцох, сургалтад хамруулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, уламжлалт эмийн үйлдвэрлэлийн талаар харилцан мэдлэг, сайн туршлага солилцоно. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр ийнхүү талууд нийлээдгүй хугацаанд хамтарч ажилласан туршлагатай бөгөөд уг хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг уг санамж бичгээр бэхжүүлэв.
- “МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ (МNB) БОЛОН БУТАНЫ ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ КОРПОРАЦИ (BBSC) ХООРОНД ТЕЛЕВИЗ, РАДИОГИЙН ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”
Харилцан контент солилцох, уран бүтээл хамтран туурвих, мэдээлэл технологийн салбарт мэдээлэл солилцох, сайн туршлага солилцох зэрэг зорилгоор телевиз, радио зэрэг өргөн нэвтрүүлгийн салбарт хамтран ажиллана. Мэдээлэл солилцоо нь иргэдийн тухайн улсын талаарх мэдлэгийг нэмэгдүүлж, соён гэгээрүүлэх зорилготой бөгөөд ийнхүү хоёр улсын төдийгүй иргэд хоорондын харилцааг бэхжүүлэн хөгжүүлнэ.
Ийнхүү Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлалын хүрээнд Монгол Улс, Бутаны Хаант Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдийг байгуулж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, уламжлалт анагаах ухаан, соёл урлаг, зан заншил, үндэсний хувцас урлал зэрэг хоёр улсын хувьд харилцан ашигтай, нийтлэг сонирхол бүхий салбаруудаа хөгжүүлэхээр тохиролцов.