Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны анхны төрийн айлчлал нь өв соёл, энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан найрсаг харилцааг  өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Хааны гэр бүл болон Бутаны төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Монгол Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Тэрбээр 2012 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхжиж буйг өндрөөр үнэллээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэдэгт талууд санал нэгдлээ.

Хоёр улс газар зүйн байршлын хувьд алслагдмал хэдий ч түүх, шашин, соёлын биет бус өвийн гүнзгий хэлхээ холбоотойг онцолж, энэ удаагийн төрийн айлчлал өнгөрсөн хугацаанд хүрсэн ололт амжилтаа ахиулан, харилцааны түүхэн шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд энэ сул талаа давуу тал болгон, нэгдмэл байдал, харилцан ойлголцол, түншлэлийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэн, нийгэм, эдийн засгийн нийтлэг сорилт, бэрхшээлийг даван туулж, тогтвортой хөгжлийг цогцлоох чиглэлд хамтран ажиллахын төлөө гэдгээ нотоллоо.

Түүнчлэн Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын Судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хөгжлийн бодлого боловсруулах үйлсийн төлөө хамтран ажиллахаар тогтлоо.

Энэ удаагийн айлчлалын дүнгээр гаргасан Хамтарсан мэдэгдэл нь улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг салбарыг хөгжүүлэх замын зураглал нь болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоогоо ажил хэрэг болгож, оюутан залуусаа тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулахаар шийдвэрлэлээ.

Иргэд хоорондын солилцоог өргөжүүлэх зорилгоор “Go Mongolia” үндэсний брэндийг “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулахаар болов.

Төрийн тэргүүн нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах дэлхий нийтийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулах чиглэлээр хамтарч, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон Цог Жавхлант Хааны “Зуун сая жимсний мод” тарих санаачилгын хүрээнд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэхээр боллоо.

Хоёр улсын төрийн тэргүүн бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирснээ бататган, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа харилцан нотоллоо.

Уулзалтын дүнгээр Монгол Улс, Бутаны Хаант Улсын хамтарсан мэдэгдэл, мөн хоёр улсын харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чиглэсэн баримт бичгүүд байгууллаа.