Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээБУТАНЫ ХААНТ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААН ЖИГМЭ ГЭСЭР НАМЖИЛ ВАНЧУК МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

БУТАНЫ ХААНТ УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ХААН ЖИГМЭ ГЭСЭР НАМЖИЛ ВАНЧУК МОНГОЛ УЛСАД ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийнхээ хамт 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бутаны Хаант Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд, Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил тэргүүтэй албаны төлөөлөгчид угтан авав.

Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хааны Монгол Улсад хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны уулзалт хийж, хоёр улсын найрсаг харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчинг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Түүнчлэн айлчлалынхаа хүрээнд Цог Жавхлант Хаан гэр бүлийн хамтаар Үндэсний их баяр наадмын нээлт болон бусад ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцоно. Мөн Монголын түүх, соёл, зан заншилтай танилцах зорилгоор Чингис Хаан Үндэсний музей болон Богд хааны ордон музейд тус тус зочилж, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвд зочлохоор төлөвлөж байна.

Монгол Улс, Бутаны Хаант Улс нь 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дипломат харилцаа тогтоосон болно.