Өнгөрсөн онд Кубын ихэнх газар нутаг үерийн гамшигт нэрвэгдэж, эдийн засгийн гол салбарууд нь хүнд хохирол амссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Куба Улс /БНКУ/-д 1 сая ам.доллартай тэнцэх хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Хавана хотын боомт дээр зохион байгуулагдав.
Арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргал, БНКУ-ын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн суурин төлөөлөгч Этиэннь Лабанде нар болон Кубын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Гадаад харилцааны яамны төлөөллүүд оролцов.
Тусламжийг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан Кубын Вилла Клара болон Сиенфуэгос мужийн 50 мянга гаруй эмзэг бүлгийн иргэдэд зориулж нийт 400 тонн цагаан будаа, 107 тонн ургамлын тос, 250 тонн буурцгийг 6 сарын турш үнэгүй тараах юм. Элчин сайд С.Золжаргал ёслолын ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ “60 гаруй жилийн түүхтэй Монгол, Кубын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал харилцаандаа чухал ач холбогдол өгч ирсэн бөгөөд энэхүү хүмүүнлэгийн тусламж нь нийгэм, эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулж буй Кубын ард түмэнд эртний анд нөхөр Монголын ард түмнээс өгч буй сэтгэлийн дэм юм” гэдгийг онцлов. Кубын Дотоод худалдааны дэд сайд Грисел Авила Диаз Монголын ард түмнээс олгож буй энэхүү хүмүүнлэгийн тусламж нь цагаа олсон чухал ач холбогдолтой тусламж болж байгааг онцлон тэмдэглээд Кубын ард түмний өмнөөс талархал илэрхийлэв.