Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТТЕРЕШ-ТЭЙ УУЛЗАВ

МОНГОЛ УЛСААС НҮБ-ЫН ДЭРГЭД СУУГАА БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ В.ЭНХБОЛД НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА А.ГУТТЕРЕШ-ТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч В.Энхболд эх орондоо бүрмөсөн буцахтайгаа холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр НҮБ-ын Төв байранд уулзав.

НҮБ-д Монгол Улсаа төлөөлөн 4 жил гаруй хугацаанд ажиллахад Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний ажлын алба бүхий л талаар дэмжин, нягт хамтран ажиллаж ирсэнд Байнгын төлөөлөгч В.Энхболд талархал илэрхийлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш 2022 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчилсан нь Монгол-НҮБ -ын харилцаанд онцлох үйл явдал болсныг Байнгын төлөөлөгч В.Энхболд онцлоод, “Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхийд энх тайвны бэлэг тэмдэг болсон улс” хэмээн түүний хэлсэн тодорхойлолт Монголын ард түмний сэтгэлд хоногшин үлдсэнийг тэмдэглэв.

Түүнчлэн Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2026 онд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын талаар тус тус мэдээлэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш олон талт хамтын ажиллагаанд Монгол Улс ихээхэн чармайлт гарган, идэвхтэй, өргөн хүрээнд ажиллаж буйг онцлон тэмдэглэлээ.