Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“Монгол-Европын харилцаа 35” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав.

“Монгол-Европын харилцаа 35” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав.

Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Брюссель хотноо гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулав.  Үзэсгэлэнг нээж Элчин сайд Л.Болд, Европын холбооны Гадаад харилцааны албаны Монголыг хариуцсан хэлтсийн дарга Доминик Портер нар мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд Л.Болд хэлсэн үгэндээ Европын холбооноос зудын хүндрэлийг даван туулахад зориулж 500,000 еврогийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, цаашид Монгол Улс, Европын холбооны харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд тогтвортой ногоон хөгжил, эдийн засаг, эрчим хүчний шилжилт, хөдөө аж ахуйн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах зэрэг тэргүүлэх чиглэлүүд бат бөх үндэс суурь болно гэв.

Арга хэмжээнд Европын Парламентын гишүүн, Европын Парламент дахь Төв Ази, Монголтой харилцах бүлгийн дарга Томас Здеховский, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон ЕХ-ны агентлаг, хамтын ажиллагаатай байгууллагуудын төлөөллүүд оролцов. Арга хэмжээний үеэр ардын урлагийн “Уухай” хамтлаг уран бүтээлээ толилуулав.

Монгол Улс, Европын Холбооны хооронд 1989 оны 8 дугаар сарын 1-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Европын Холбоо нь манай улсын  “гуравдагч хөрш”-ийн хувьд ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан эдийн засаг, нийгмийн олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байна.