Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Гадаад хэргийн сайд Бахтиёр Саидов-т Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.
Гадаад хэргийн сайд Б.Саидов Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суух Элчин сайдаар томилогдсон явдалд баяр хүргэж, Узбекистан Улсын Гадаад хэргийн яамны зүгээс Элчин сайд Д.Батбаатарт бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Д.Батбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлалын босгон дээр үүрэгт ажилдаа орж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг Ташкент хотод амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн тэрээр хоёр улсын Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ, ААН-ийн төлөөллүүдийн ажил хэрэгч уулзалт, айлчлалын хүрээнд байгуулах баримт бичгүүдийн мөрөөр төлөвлөсөн ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхэд Узбекистан Улсын Гадаад хэргийн яамтай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.