НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Бүгд хуралдаанаар “2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолыг Монгол Улсаас санаачлан нийтийн зөвшилцлөөр батлууллаа.
Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар “Нийгмийн хөгжилд хоршооллын үүрэг” тогтоолыг 1980-иад оноос хойш хоёр жил тутам тогтмол санаачлан батлуулж байгаа бөгөөд эл тогтоолын хүрээнд “Олон улсын хоршооллын жил – 2012”-ыг зарлан амжилттай хэрэгжүүлж байсан.
Тиймээс өмнөх олон улсын жилийн ололт амжилт дээрээ тулгуурлан 2025 оныг дахин Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, дэлхий нийтийн хоршооллын хөдөлгөөний хөгжлийг дэмжих, хоршооллын Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх санаачилга дэвшүүлсэн нь гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн юм.
2025 оны Олон улсын хоршооллын жилийн хүрээнд НҮБ гишүүн улсууд болон хоршооллууд, НҮБ-ын Хоршооллын хөгжлийг дэмжих хороо (COPAC), Олон улсын хоршооллын холбоо (ICA) зэрэг талууд нь “Хоршоолол дэлхийн сайн сайхны төлөө” сэдвийн дор олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон тэмдэглэх тухай” тогтоолын хүрээний зарим үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо – Чинээлэг малчин” хөтөлбөртэй нягт уялдаж байгаагаараа онцлогтой.