МЭДЭГДЭЛ
Төрийн албаны тухай хуульд заасан улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх төрийн албаны зарчмын хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор төрийн бүх шатны байгууллагын томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан, төрийн албан хаагч нарт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс дараах МЭДЭГДЛИЙГ хүргүүлж байна.
Нэг. Төрийн албан хаагчийн үүрэг, хориглох зүйлийн талаар
1. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан хаагч төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх;
2. Та албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь илэрхийлэх, улс төрийн үзэл бодол болон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх зэрэг төрийн албан хаагчид хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх;
3. Та өөрийн харьяалагдах дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх;
4. Та удирдлага, харьяалалдаа ажилладаг албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардахгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үйл ажиллагаанд татан оролцуулах, оролцох санал тавихгүй байх;
5. Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд улс төрийн намын гишүүн байх, улс төрийн нам, хөдөлгөөн, улс төрийн намын дэргэдэх төрийн бус байгууллага болон шашны байгууллагын үйл ажиллагаа, сонгуулийн сурталчилгаанд аливаа хэлбэрээр оролцохгүй, түүнд зориулалтын бус төсвийн хөрөнгө зарцуулахгүй, төрийн өмч хөрөнгө, албаны унаа ашиглахгүй байх;
6. Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргийг хэрэгжүүлэх.
Хоёр. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагааны талаар
1. Төрийн жинхэнэ албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан шаардлага, шалгуурыг хангасан иргэнийг мөн хуулийн 27 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ыг тус тус баримталж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй иргэдээс сонгон шалгаруулж, томилох;
2. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл ногдуулах, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 44, 45, 48 дугаар зүйлд заасан зохицуулалт, Захиргааны ерөнхий хуулийн Гуравдугаар бүлэгт заасан захиргааны шийдвэр гаргах журам болон Төрийн албаны зөвлөлийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”, 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус мөрдөж ажиллах;
3. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон заалтыг чанд мөрдөж, томилгооны аливаа зөрчлийг хуульд нийцүүлэн даруй арилгах, мөн хуулийн 31.2, 31.4 дэх хэсэгт заасан төрийн албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд бусад этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр нөлөөлөх, дарамт, шахалт үзүүлэх явдалтай үл эвлэрэх, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэний төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхийг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх;
4. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.2 дахь заалтад заасан хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх, Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болох, улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх, төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг хангаж ажиллах.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь энэхүү “МЭДЭГДЭЛ”-ийн хэрэгжилтэд хяналт тавьж, Төрийн албаны тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн нь хяналт шалгалтаар тогтоогдвол холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, төрийн албан хаагчдын нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллана.
МОНГОЛ УЛСЫН
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ