Уур амьсгалын асуудлаарх Зүүн хойд Азийн Залуучуудын зөвлөлийг үүсгэн байгуулах бэлтгэл уулзалт буюу “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд” сэдэвт семинарыг НҮБ-ын Улс төр, энхийг цогцлоох газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ханнс-Зайделийн сан, Монголын НҮБ-ын нийгэмлэг хамтран энэ 6 дугаар сарын 5-ны өдөр зохион байгуулав.
Уг семинарт бүс нутгийн 10 орчим залуу манлайлагчид оролцож аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн уялдаа холбоо болон түүнд тулгарч буй сорилт, бэрхшээлийн асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
“Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт ба аюулгүй байдлын сорилтууд” сэдэвт семинар нь энэ 6 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурлын өмнө болж буйгаараа онцлогтой бөгөөд семинарын үр дүнд гарсан төгсгөлийн баримт бичгийг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 9 дүгээр бага хурлын гурав дахь хэсэгт илтгэх юм.