Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлит нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.
Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.
Хоёр улсын Ерөнхийлөгч угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын албаны төлөөлөгчид болон Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, Олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй мэндчиллээ.
Төрийн тэргүүн нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Ерөнхийлөгч Тонглун Сисүлит Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурав.