Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээДГХБО-ЫН НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХОРООНЫ ХУРАЛДААН НЬЮ-ЙОРК ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛОВ

ДГХБО-ЫН НҮБ-ЫН ГУРАВДУГААР БАГА ХУРЛЫН БЭЛТГЭЛ ХОРООНЫ ХУРАЛДААН НЬЮ-ЙОРК ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛОВ

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд, Австрийн Холбооны Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Маршик нар хуралдааныг удирдаж, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч бөгөөд тус бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Рабаб Фатима, мөн далайд гарцгүй болон транзит 29 улсын төлөөлөгчид үг хэлэв.

Манай төлөөлөгч хуралдааны ерөнхий хэлэлцүүлэгт хэлсэн үгэндээ ДГХБО-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын санаачилгаар тусгагдсан хоёр чухал асуудлыг онцлов. Үүнд ирэх арван жилийн хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд бодлого, стратеги  боловсруулж, судалгаа, шинжилгээ хийхэд нь ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн чадавхыг бэхжүүлэхийг уриалж, ДГХБО-ын агаарын холболтыг сайжруулах асуудлуудыг төгсгөлийн баримт бичигт тусгасныг тэмдэглэв.

Хуралдаанаар НҮБ-ын Гуравдугаар бага хурлын бэлтгэл, зохион байгуулалтын холбоотой баримт бичгүүдийг баталсны зэрэгцээ ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын ирэх арван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг гишүүн улсууд сайшаан баталж, 2024 оны эцсээр Ботсвана Улсын Габороне хотноо болох бага хуралд шилжүүлэхээр тогтов.