Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ШУУДАНГИЙН МАРК, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

МОНГОЛ УЛС, ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 60 ЖИЛИЙН ОЙН ШУУДАНГИЙН МАРК, ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн анхны өдрийн ёслол болон Монгол-Швейцарын харилцааны түүхийг танилцуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт 5 дугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яамны “Номин” танхимд болов.

Нээлтийн арга хэмжээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Швейцарын Холбооны Улсаас Үндэсний зөвлөлийн гишүүн, гадаад харилцааны хорооны дарга Лорэн Верли, “Монгол Шуудан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн нар оролцож үг хэлэв.

Түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” компанитай хамтран бүтээдэг уламжлалын дагуу Монгол, Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан шуудангийн марк гаргаж байгаад баяртай байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр онцолж, маркийг бүтээсэн нийт уран бүтээлчид, “Монгол Шуудан” компанийн хамт олонд талархал илэрхийллээ.

Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жил сэдэвт маркт Алтай Таван Богдын ноён оргил Хүйтэн, Альпийн нурууны алдартай уулуудын нэг Маттерхорн, Үндэсний хувцастай Монгол Цуурч, Швейцарын бүрээчид, тэнгэрт дүүлж буй бүргэд, хоёр улсын үндэсний бахархалт бэр цэцэг, цагаан уул цэцэг, Алтайн аргаль, Альпийн янгир, үзэсгэлэнт байгалийг дүрсэлсэн.