Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

“МОНГОЛ УЛС, ХБНГУ-ЫН ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА, ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХЭТИЙН ТӨЛӨВ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ хүрээнд “Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагаа 50 жил” эрдэм шинжилгээний хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд болов.

Хурлын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, ХБНГУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй тус хурал хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал ач холбогдолтойг тэмдэглэж, үг хэлэв.

Тэрээр Монгол-Германы харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт гүнзгийрч, өнөөдөр хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлов.

Мөн хоёр орны харилцааг өргөжүүлэх, түншлэлийн түвшнийг ахиулахын төлөө хоёр тал хамтран тууштай ажиллаж, 2022 онд манай талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал, германы талаас 2023 онд Гадаад хэргийн сайд А.Бэрбокийн, өнгөрсөн 2 дугаар сард болсон Ерөнхийлөгч Ф.В. Штайнмайэрийн айлчлалын үр дүнг тэмдэглэв.

Хурлаар хоёр орны Стратегийн түншлэлийн баримт бичигт тусгагдсан асуудлууд тухайлбал, хоёр орны улс төрийн харилцаанаас гадна худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, боловсрол, шинжлэх ухаан зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэв.

Тухайлбал, Монгол-Германы улс төр, эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар хэлэлцүүлэг хийж, Монгол-Германы хөгжлийн хамтын ажиллагааны шинэ концепцийн талаар ярилцлаа.